Дорноговь аймаг- Хамрын хийдэд зорчсон тэмдэглэл

September 8, 2008 3 санал шүүмж

Аая, эвгүй гарчигтай айн хэхэ. Би өнгөрөгч амралтын өдрүүдээр Дорноговь аймаг яваад ирэвээ. Тэнд чинь Догшин Худагт Данзанразжаагийн амьдарч байсан газар нь байдаг юм байна шүү дээ. Киног нь бүтнээр нь үзчих юмсан гэж бодож явдаг байснаас биш бясалгал хийдэг байсан агуйд нь ороод өөрөө бясалгал хийнэ чинээ зүүдэлчиж яваагүй билээ.


Сайншанд хотод очлоо. Гүй ээ яах вэ, дажгүй. Ямарч л байсан манай Улаанбаатарт байдаггүй усан оргилууртай юм билээ. Усан оргилуурын дэргэд суугаад юм бодох нь ээ үнэхээр сайхан байсан шүү. Тэгэхэд манай улсын нийслэл Улаанбаатарт хаана усан оргилуур байна? За байгаа хэдийнх нь хэд нь ажиллаж байна? Бас л бодууштай. Талбайн өмнө баригдаж байгаа манай ЭБ ахын гэж хүмүүсийн шуугиад амжсан оффис, зочид буудал нь үл мэдэгдэх шилэн барилгын өмнө турбанаас сад тавин оргилж байгаа ус байдаг. Хэхэ, тэнд залуучууд их цуглах юм билээ. Одоо ганц байгаа дээрээ шавхаас биш дээ.

За тэгээд Шандаасаа машинаар нилээн явсөөн. Хэдэн ч километр явсан юм бүү мэд. Тэгээд “Мөөм хад”-д очсон эхлээд. Үнэхээр эмэгтэй хүний хөхний хэлбэртэй юм билээ. Үр хүүхэд гуйж байгаа эмэгтэй хүн очдог юм гэнээ. Зөвхөн эмэгтэй хүн л сүү, цагаан идээ өргөдөг ёстой юм гэнэ. Үр гуйя гэж бодоогүй боловч өргөл барьц өргөөд л ирсэн. Бодвол би удахгүй хөөрхөн үртэй болох юм байлгүй ккк...


Тэндээсээ Ноён Худагтын амьд ахуйдаа архитектурыг нь гаргасан “Шамбалын орон”-ыг зорвой. Хожим нь түүний шавь Алтангэрэл гэдэг хүн багшийнхаа зааснаар бүтээсэн юм гэдэг. Шамбалын орон уул нь хий, агаарт байх ёстой юм гэнэ. Түүнийг яг газарт проекцлон буулгасан гэнээ. Шамбалын оронд орох хаалгууд тусдаа. Жирийн сүсэгтэн олон орох хаалга, ихэс дээдсүүдийн орох хаалга гэх мэт. За тэгээд уг Шамбалын оронд чинь Энергийн Төв цэг байдаг юм байна шүү дээ. Нэг хэсэгхэн газар байна. Тэнд зогсоод баруун гарын алгаа нар руу харуулаад Энерги авдаг гэнэ. Бас хөлийн ул, хүйсээр ч авдаг юм гэвээ. Би яахав, юм үзээгүй хүүхэд. Гараа ч нар руу алдалж үзээд, гутлаа тайлж хөлөө ч чийж нэг үзээд, цамцаа сөхөж хүйсээ ч гаргаж нэг үзээд... Их л энерги авч байна гээл элдэв янз болоод л байсан хэхэ.


За тэгээд хойд хаалгаар гарч Ноён Худагтын зохиосон миний хамгийн дуртай дуу болох Үлэмжийн Чанарыг дуулвай. Уг дууг дуулахад салхины чиг өөрчлөгдөн Ноён Худагт тантай уулзсан мэт болдог гэж тайлбарлагч хэлсэн нь сэтгэл дагасан уу яасан ямартаа ч надад салхины чиг өөрчлөгдөх мэт сэтгэгдэл төрсөн нь бас сонин.


Буцаж яваад миний хамгийн их сонирхолыг татсан газар болох Догшин Худагтын бясалгал хийдэг байсан агуйд очив. Тэнд худагт маань 108 хоног бясалгал хийн нууц тарнийг багшаасаа суран, жинхэнэ худагтын эрдмийг олсон гэнэ. Тухайн эрдмийг бүрэн зөв эзэмшсэн хүн газар байгаа чулууг оюун ухааны хүчээр өргөн, өөрийн хүссэнээр удирдах чадвартай болдог гэвээ. Уг эрдмийг Ноён Худагтын 10 шавь сурсан гэх ба 3 шавь нь бясалгал хийх 108 хоногийг давж чадалгүй агуйдаа сүнсээ шингээн тэндээ үүрд үлдсэн гэх түүхтэй бөлгөө. Уг эрдмийг эзэмшсэн хүнийг худагт, хувилгаан гэж олноо өргөмжлөн хөлгүй их найр наадам хийдэг байсан гэнэ. За тэгээд миний бие яг тэр агуйд нь ороод сүрдээд ч байгаа юм шиг эхэндээ бие жаахан арзас хийсэнч удалгүй дасан жаахан ч болов хугацаанд бясалгал хийгээд амжсан гэжугаа.


Уг агуйн хойно жалган хэсэгт Ноён Худагтын нэгэн япон шавь нь Сакура цэцгийн модыг тарьсан юм гэнэ. Бороо ороод үрээ тараасаар тарьсан 2 мод нь олон болж арвижжээ. Тэгээд 5 сарын эхээр уг модод цэцэглэж Сакура цэцэг нь дэлбээлдэг гэнэ. Тэр үеэр нь очвол илүү гоё байдаг гэсэн. Дараагын удаад яг тэр үеэр нь очно гэж бодож байгаа.


Хамгийн инээдтэй нь зургын аппаратгүй явсан байсан нь юм. Уул нь зураг хөрөгтэйгөө байсан бол та бүхэнд илүү хүртээлтэй байс байсан биз. Гэхдээ утсаараа нэг бичлэг хийсэн боловч үнэн нахалны нэг залуу бичлэг хийж байх үеэр элдэв янзын хараалын үг хэлж тэр бичлэгийг блогтоо оруулах боломжгүй болсон. Уул нь яг тэр агуйд хийсэн бичлэг байсан юм. За тэгээд дараагийн бичлэгтээ гоё домог оруулна аа.

3 санал шүүмж:

  • A.Амарсайхан said...

    Сакура тэгэхээр манай уур амьсгалд зохицоод зөнгөөрөө ургачихдаг хэрэг үү? Эсвэл тэр япон шавь хажууд нь арчлаад л сууж буй хэрэг үү?

  • Anonymous said...

    Ээх худагт хүн унав гэдгийн худагт бишээ. Хутагт хувилгаан гэж бичийшд.

  • Anonymous said...

    Сакура цэцэг Дорноговьд байтугай манай Утаанбаатарт ургадаг гэж дендрелогичид ярьцгаадаг юм билээ. Би Хамрын хийдэд очих юмсан гэж мөрөөдөөд л байгаа.5 сард очиход гоё байдаг юм бол дараа 5 сард явнаа,хих

Post a Comment

Санал сэтгэгдэлээ хуваалцаж буйд баярлалаа :-)